Өдрийн сонины тойм /4 сарын 12/

               
2022-04-12 0

Гол онцлох:

“Нэг ширхэг ариун цэврийн цаас 1930 төгрөгийн үнэтэй байна” гэсэн гарчигтайгаар тодруулга, сурвалжилга бэлтгэжээ. Барс, Баянзүрх, Хүчитшонхор зах болон Бөмбөгөр худалдааны төв, Номин супермаркетаар сэтгүүлч А.Гантуяа тойрч, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн дунджийг тэмдэглэн авч хүргэж байна.

Дэд онцлох:

“Замын-Үүдийн боомтоор хэвийн үед 650 машин ачаа орж ирдэг байсан бол одоо 80-90 машин нэвтэрч байна” гэх гарчигтай сурвалжилгыг мөн нийтэлсэн байна. Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун, Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбатын яриагаар нөхцөл байдал ямар байгааг тодруулжээ.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагыг дор жагсаая:

– Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Эрдэмтдийнхээ судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой” гэх гарчигтай ярилцлага өгсөн байна.

– Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “Хуулийн байгууллага өнөөдөр улс төрөөс хараат бус байсан бол Н.Мөнхбатыг аль хэдийнээ цагаатгасан байх ёстой” гэж ярьжээ.

– “Аавуудын групп”-ийн үүсгэн байгуулагч, хувиараа бизнес эрхлэгч Т.Цэнд-Аюуш “Хэзээ залуучуудын жагсаалд зориулж Засгийн газар нь ээлжит бусаар хуралдаж байсан юм бэ. Энэ нэг алхам урагшилсан явдал” гэх ярилцлага өгчээ.

– Сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ “АН-ын будлиан дарга нартаа биш, гол нь гишүүддээ байгаа юм биш үү” гэх гарчигтай өгүүлэл бичсэн нь хагас нүүрээс том хэмжээтэй болсон байна.

– Улс төрийн хэсэгт “МАН: Төсвийн тодотгол хийхийг дэмжлээ” гэх мэдээлэл гарсан байна. Харин АН-ын бүлгийн хувьд хурлаараа хэлэлцсэн мэдээллүүдээс “Ам.доллар картын бараа болчихлоо” гэх Д.Ганбатын хэлсэн үгээр гарчигласан мэдээллийг нийтэлжээ.

– Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүү менежментийн ангийн төгсөх курсын оюутан Н.Дэлгэрцэцэг Санхүүгийн менежментийн улсын 8-р олимпиадад оролцож, хувийн болон багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр “Өөрийгөө хүчлэхгүйгээр өдөр бүр бага багаар урагшилсаар байвал хүссэн үр дүндээ хүрч чадна” гэх ярилцлага өгчээ.

Холбоотой мэдээ