Товчхон
               

Нийт 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ

               
2022-04-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Прокурорын байгууллагын 2022 оны нэгдүгээр улирлын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг тус байгууллагаас танилцууллаа. 

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд 32 байгууллагын 10,513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Ингэхдээ зөрчлийн хэргийн 99.7 хувийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Прокуророос давхардсан тоогоор нийт 834,111 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан аж. Зөрчлийн хэргийн

  • 78 хувь нь Нийслэлд,
  • 22 хувь нь орон нутагт бүртгэгджээ. 

Нийт зөрчлийн хэргийн 99,7 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөн байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 1,016 шийтгэлд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн аж. Тодруулбал, Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 522, өөрчлөлт оруулахаар 494 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 355 шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 17.367 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 355 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлжээ. 

Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт өсөж, зарим төрлийн зөрчлийн хэрэг багагүй хувиар буурав.

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 671 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3,514 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2,655 удаа үйлдэгдсэн нь 6.3 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулахаар олгосон прокурорын зөвшөөрөл 1.6 дахин өсөв. 

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 80 удаа шалгалт хийж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Тодруулбал, прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 80 шалгалт хийхэд 677 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 118 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ. 

Холбоотой мэдээ