Товчхон
               

В.Зеленский БНСУ-аас цэргийн техник хэрэгслийн тусламж хүслээ

               
2022-04-12 0

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт БНСУ-аас Оросын “түрэмгийлэлтэй” тэмцэхэд шаардлагатай цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ. Тэрбээр БНСУ-ын хууль тогтоогчдын өмнө цахимаар үг хэлэх үеэрээ энэхүү хүсэлтийг тавьсан байна.

“БНСУ Украинд тусалж чадна. Тус улс нь Оросын хөлөг онгоц, пуужингуудыг зогсоох чадвартай цэргийн олон төрлийн техник хэрэгсэлтэй” гэж В.Зеленский хэлжээ. Мөн тэрбээр өдийг хүртэл үзүүлсэн БНСУ-ын тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд, үүсээд буй нөхцөл байдлыг даван туулж, дайнд ялахад илүү их тусламж шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.

Улс орондоо үүсээд буй нөхцөл байдлын талаар 15 минутын турш ярьсан В.Зеленский Мариуполь хотод “наад зах нь олон арван мянган” хүн амиа алдсан байх магадлалтай хэмээн хэлжээ. Мөн амиа алдагсдын тоог үл хайхарч буй ОХУ-ыг олон улсын банкны системээс хасах зэргээр олон улсын хамтын нийгэмлэг эвлэлдэн нэгдэхгүй бол юу ч зогсохгүй гэдгийг анхааруулсан байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яам Украин руу хөнөөлт зэвсэг илгээхээс татгалзаж буйгаа “манай аюулгүй байдлын нөхцөл байдал”, “манай армийн бэлэн байдалд нөлөөлж болзошгүй” гэх шалтгааныг эш татан давтан мэдэгдсэний дараа дээрх хүсэлтийг гаргасан байна. БНСУ сум нэвтэрдэггүй дуулга, хөнжил, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэг тэрбум воны /804 100 ам.доллар/ үнэ бүхий хөнөөлт бус цэргийн тусламжийг тус улсад үзүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ