Нью-Йоркийн метронд зэвсэгт халдлага гарч, 23 хүн шархаджээ

               
2022-04-13 0

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн “36-р гудамж” метроны буудалд өглөөний оргил ачааллын үеэр буюу 08:30 цагийн орчимд гал нээсэн хэрэг мягмар гарагт гарсан байна.

Гэмт этгээд буудаж эхлэхээсээ өмнө утаа тавьсан гэж мөрдөн байцаагчид дүгнэжээ. Харин тэсрэх бодис хэрэглэсэн гэх баримт олдоогүй гэнэ. Халдлага гарсан өртөө нь испани хэлтэн, Ази гаралтай иргэдийн голлон суудаг дүүрэг ажээ.

Уг хэрэгт хууль сахиулах байгууллагууд 62 настай өнгөт арьст эрэгтэйг уг хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байна гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч Жеймс Эссиг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Цагдаа нар гэмт этгээдийн ашиглаж байсан байж магадгүй ачааны фургон машиныг илрүүлсэн болохыг тэрбээр нотолсон байна. Эссигийн хэлснээр, уг автомашиныг Пенсильвани муж улсын Филадельфи хотод түрээсэлж байжээ. “Бидний мэдээллээр машиныг  62 настай Фрэнк Жеймс түрээсэлсэн байсан” гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна.

“Бид түүнийг метронд болсон халдлагатай холбоотой эсэхийг тогтоохын тулд хаана байгааг нь олж тогтоохоор ажиллаж байна” гэж Эссиг хэлжээ. Түүний хэлснээр, цагдаа нар одоогоор уг хэрэгт холбогдуулан баривчилгаа хийгээгүй байгаа бол эрэн сурвалжлах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд оролцож байгаа аж. Хотын цагдаагийн газрын дарга Кишант Сюэл мэдээлэхдээ, гал нээсэн сэжигтэн нь неон улбар шар хантааз, саарал өнгийн цамц өмссөн хар арьстан байсан гэжээ.

Хэргийн газраас хэмжээг нь нэмэгдүүлсэн гурван хамбууртай “Глок-17” гар олдсон гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдээлсэн байна.

Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн 33 удаа буудаж, 23 хүнийг шархдуулжээ.

“Аз болоход хохирогчдын хэн нь ч амь насанд аюултай шарх аваагүй” гэж цагдаагийн газрын дарга хэлсэн байна. Гэмт этгээдийг баривчлахад тус болох мэдээлэлд 50 мянган ам.долларын шан амлажээ.

Болсон явдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхий прокурор Меррик Гарланд, Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул нарт мэдээлэл өгсөн тухай албаныхан мэдэгджээ.

Нью-Йорк хотод сүүлийн саруудад ноцтой гэмт хэргийн гаралт өсөх болсон юм. Ялангуяа метроны өртөөнүүдэд гарах гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард нэг этгээд зорчигч эмэгтэйг ирж буй галт тэрэгний зам руу түлхэн унагаж, амийг нь бүрэлгэж байв.

Албан тушаалаа аваад 100 гаруй хоног өнгөрч байгаа Нью-Йорк хотын дарга Эрик Адамс гэмт хэргийг, ялангуяа метронд гардаг гэмт хэргийн тоог бууруулах амлалт аваад ажиллаж байгаа. Амлалтынхаа хүрээнд тэр метроны өртөөнүүдэд ажиллах эргүүлийн цагдаагийн тоог нэмэгдүүлсэн юм.

Өчигдрийн халдлагын үеэр тухайн өртөөнд эргүүлийн цагдаа байсан эсэх нь мэдэгдээгүй байна.

“Нью-Йорк хотын ганц ч оршин суугчийг терроризмын хохирогч болгохыг бид зөвшөөрөхгүй” гэж Адамс тусгаарлах байрнаас хийсэн видео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тэрбээр коронавирусийн халдвар аваад Ням гарагаас эхлэн тусгаарлалтад байгаа юм.

Associated Press

Холбоотой мэдээ