Орхон аймагт үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүйн сургалт боллоо

               
2022-04-13 0

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулан “Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүйд сургах”  сургалт зохион байгууллаа.

2025 оноос Монгол Улс  албан хэргийг кирилл, монгол бичгээр хослон хөтөлнө. Үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Архивын Ерөнхий газар болон Үндэсний стандартын хорооноос албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг баталж гаргасан. Уг стандартыг төрийн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтнуудад танилцуулах зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Сургалтын нээлтийн үеэр аймгийн  Засаг даргын орлогч, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга А.Түвшинжаргал хэлэхдээ “Шинээр батлагдсан стандартыг ирэх сарын нэгнээс туршилтын журмаар хэрэгжүүлнэ. Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл сарын аяны хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулна. Аймгийн удирдлагууд хос бичигтэн болох хөтөлбөрүүдийг дэмжиж, үр дүнг нь Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байх үүрэгтэй. Сургалтад хамрагдаж байгаа та бүүний сурч, мэдсэн зүйлсээс Хэлний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа ихээхэн хамаарна” гэсэн юм.

Орхон аймаг өнгөрсөн онд  “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг баталсан бөгөөд Эрдэнэт хотын нийт иргэд, хүүхэд багачуудын эх хэлний боловсролыг дээшлүүлж, монгол бичгийн сургалт сурталчилгаа, хэрэглээний орчин бүрдүүлэх, албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах юм. Үүний хүрээнд дараах  4 зорилтыг дэвшүүлсэн.Үүнд:

Зорилт 1. Монгол бичгийн сургалт сурталчилгаа хэрэглээний орчин бүрдүүлэх  

Зорилт 2. Бүх нийтийг монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлж, албан хэргийг  кирилл, монгол хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах

Зорилт 3. Эх хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах

Зорилт 4. Монгол хэл, утга зохиолын нөхцөл байдалд үнэлгээ хийж, үнэлэмжийг дээшлүүлэх, хэл аялгуу, бичгийн өв соёлыг судлан хамгаалж өвлүүлэх зэргийг тусгасан байна.

Холбоотой мэдээ