С.Бямбацогт: Монгол Улс хоригийн хоригт орсон

               
2022-04-13 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид хоёрхон хөрштэй. Хоёр хөрш маань хоёулаа хаалгаа хаачихсан. Урд хөрш дотооддоо ковидын асуудалтай байгаа учир хаалгаа хаагаад бид нүүрсээ гаргаж чадахгүй байна. Үүнээс болж валютын хомстолд орж байгаа. Харин ОХУ мөргөлдөөний улмаас олон улсын хоригт орчихсон. Монгол Улс хоригийн хоригт орсон. Монгол Улс өмнө нь ийм нөхцөл байдалд хүрч байгаагүй байх. Үүнээс гарахын тулд бүхий л арга чаргыг ашиглаж байна.

Өнгөрснөө ярьж шүүмжлэх хэрэггүй. Одоогийн нөхцөл байдлынхаа шийдлийг ярих хэрэгтэй. Тийм ч учраас Засгийн газраас мах, гурил гээд гол бүтээгдэхүүний асуудлыг оруулж ирж байна. Бид сахар, будаа, эмийн бүтээгдэхүүний асуудлыг яах вэ. Бага хүүтэй зээл олгоно гэж байна. Зээлээр энэ асуудлыг шийдэхгүй. Нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Гурил, будаа, мах, эм тариа, шатахуун зэрэг зайлшгүй хэрэгтэй бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлмээр байна. Энд хэрхэн анхаарах вэ. Мөн ААН-үүдийн татварыг хөнгөлөх бодлогын асуудлууд байнгын хороонд яригдасан уу” гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороон дээр ч энэ асуудал яригдсан. Ковидын тухай хуулиар эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх зэргээр бид төсөв батлахдаа Засгийн газарт нэлээд үүрэг чиглэл өгсөн. Бензин шатахууны нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлууд үргэлжилж байгаа.

Энэ хууль бол намар бараа бүтээгдэхүүнийг нь шууд хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр худалдан авах мөнгийг нь гурилын үйлдвэрүүдэд, махны нөөцлөгч компаниудад зээлдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр тариаланчид хаврын тариалангаа сэтгэл амар хийх боломжтой. Худалдан авах эх үүсвэрийг нь шийдэж өгч байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ