
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын оролцоо хамтын ажиллагааны цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг санаачлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх Т.Мөнхсайханаар ахлуулсан эмч нарын баг өнөөдөр Архангай аймгийн төвд нэгдсэн хуралдаанд оролцож байна. Ажлын баг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 4 дүгээр сарын 13-18-ны өдөр дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Архангай аймгийн зургаан настай хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлэг
2. Орчны бохирдол, биомониторингийн судалгаа
3. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн менежментийн судалгаа
4. Ерөнхий боловсролын сургуулийн орчны судалгаа
5. Хүн амын эрсдэлт зан үйлийн судалгаа / архи, согтууруулах ундаа, тамхи, чихэрлэг ундааны хэрэглээ/
6. Түлэгдэлтийн дараах сорвижилт, амьдралын чанарын судалгаа.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн нэгдсэн хуралдаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, 19 сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч нар оролцож байна. 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд эмч нар салбар хуралдаануудад оролцож, цогц судалгаа хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нөөц чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт мэдээлэлд хамрагдах аж.
Эмч нарын багт: Н.Болормаа- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн /ДЭМБ/Б.Доржханд- Улсын нэгдсэн төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захиралБ.Батзориг – Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэд захирал О.Чимэдсүрэн – АУ-ны доктор, профессор тэргүүтэй 39 эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ.

0 cэтгэгдэлтэй