
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тендерийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийн 34.1 дээр тендергүй гэрээ байгуулах заалт байна. Үүнийг нь судлаад үзэхээр 20 тэрбум ам.долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг тендергүй хийе гэж байгаа юм байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх гэж л Тендерийн хууль байдаг. Энэ хуулийг энэ чигээр нь баталж байгаа бол Тендерийн хуулиа бүр хүчингүй болгоё. Хоёрын хооронд бичгийн цаасны асуудал тендер зарлаад том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажлаа тендергүй хийе гэж байна. Томчууд хувааж найрлая гэж байна. Авлигатай тэмцэх бодол санаагаа авч хаямаар юм байна. 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусъя гэж байгаа юм байна.
Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө Төрийн өмчийн компаниуд дээр яригдаж байгаа. Нэг гүйцэтгэх захирал гарч ирээд “Би таван жилийн таван их наядын төсөл хэрэгжүүлнэ” гэж зарлаж байгаа. Тендергүйгээр шууд хийдэг ажил одоо ч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан ярьж байна. Улсын нууцаар халхавчилж төмөр замын гэрээг тендергүйгээр хийж байгаа. Цэргүүдийн талхыг 20,000 төгрөгөөр шахаж байгаа гэж сонсогдож байна. 20,000 төгрөгөөр нэг талх нийлүүлж байна. Энэ бол хууль ёсны авилга” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Буруу ойлголтын асуудал байх шиг байна. Хуулиа сайн уншвал тийм биш. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд таны саяны хэлсэн 20 тэрбум ам.долларын түүнээс ч давсан 6 төрлийн багц ажил байгаа. Энэ бүгд төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй. 10 хүрэхгүй хувь төсвийн хөрөнгөөр хийгдэнэ. Бусад нь Хөрөнгө оруулалтын, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулагдана. Та үүнийг гуйвуулж ярьж байна. Шууд гэрээ хийхгүй. Харин ч түүнээс зайлсхийж илүү нээлттэй, ил тодоор явуулна” гэлээ.

0 cэтгэгдэлтэй