Товчхон
               

Дундговь аймгийн “Эцэг эхийн зөвлөл”-үүд туршлагаа хуваалцлаа

               
2022-04-14 0

Дундговь аймгийн ЗДТГ, ГБХХЗХГ-аас байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, 205 төлөөлөгч оролцлоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар  сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-үүд тус тус батлагдсан байдаг. Дундговь аймгийн хувьд 120 аж ахуйн нэгж байгууллага Эцэг эхийн зөвлөл байгуулах ёстойгоос 108 нь зөвлөл байгуулаад байгаа аж. 

Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь ажилчдынхаа ар гэр, хүүхэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ингэснээр гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Энэхүү зорилгын үүднээс Эцэг эхийн зөвлөгөөнийг анх удаа ийнхүү зохион байгуулж, гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил, аюулгүй байдлын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр бага насны хүүхэдтэй эхийг уртасгасан цагаар ажиллуулахгүй байх тухай заалт дээр “өрх толгойлсон аавуудыг мөн нэмж оруулах”, хүүхэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчид цалинтай чөлөө олгодог байх, ахуйн хүрээний болон өсвөр насны хүүхдүүдийн дундах архины хэрэглээг бууруулах болон эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, байгууллага дээр хүүхдийн өрөөтэй болох зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна. 

Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас жил бүр шилдэг үйл ажиллагаатай Эцэг эхийн зөвлөлийг шалгаруулдаг ба 2021 онд ХХҮГ, Авто тээврийн газар, Сайнцагаан сумын 4 дүгээр цэцэрлэг, Эрдмийн далай цогцолбор сургууль, Дэлгэрцогт сумын хүүхдийн цэцэрлэг шалгарч, зөвлөгөөний үеэр бусад байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй туршлагаа хуваалцжээ. 

Холбоотой мэдээ