Говь-Алтай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд сургалтад хамрагдав

               
2022-04-14 0

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулав.

Энэхүү сургалтыг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран дөрөвдүгээр 13-нд явуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг гаргах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас танилцууллаа.

Сургалтаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ганхуяг шинэчлэн батлагдсан “Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн талаар танилцуулан мөн хүүхдийн салбар комиссын 2021 оны тайлан, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийсэн юм. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 198 хүүхэд байна. Тэдний 121 нь эрэгтэй, 77 нь эмэгтэй байгаа бол 174 нь нийгмийн халамжийн сангаас асаргаа авдаг ажээ. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс ажилладаг. Тус комисс нь тухайн нутаг дэвсгэр дэх 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэн, боловсрол, эрүүл мэнд, сэргээн засалтын үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа явуулдаг.

Холбоотой мэдээ