Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь цөлжжээ

               
2022-04-14 0

Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь цөлжөөд байгаа бөгөөд цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг мэдээллээ

Өнгөрсөн хугацаанд орон нутагт улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөртэй уялдуулан зорилтот төсөл, арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэжээ. 2021 онд цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр чамгүй ажил өрнүүлсэн тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Тодруулбал, 20 га талбайд элсний механик хамгаалалт, 10 га талбайг хамгаалан ашигт ургамал тариалсан бол гурван голд энгийн хамгаалалтын бүс тогтоожээ. Говь-Алтай аймаг 2019 онд цөлжилтийн судалгааны ажил хийлгэсэн. Энэхүү судалгаагаа нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь их бага хэмжээгээр цөлжсөн гэж гарсан. Үүнээс 41,9 хувьд нь газрын доройтол буюу цөлжилт идэвхтэй явагдаж байгаа бол үлдсэн 37,6 хувь нь тухайн жилийн зуншлага, хур тундаснаас шалтгаалж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 

Мөн 2020 онд улсын хэмжээнд цөлжилтийн судалгаа хийсэн ба мөн судалгаагаар Говь-Алтай аймаг цөлжилт эрчимтэй явагдаж байгаа найман аймгийн нэгээр нэрлэгджээ. Цөлжилтөд хамгийн ихээр бэлчээрийн асуудал юм. Аймгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болох “Монголын унаган байгаль хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил хийсэн байна. Үүний зэрэгцээ 108 сая мод тарих аяныг хэрэгжүүлэх хөтөлбөр гарган ажиллаж байгаа бөгөөд цаашид бэлчээрийн доройтлыг бууруулахад бэлчээрийн талбайг хашаалж ногоон тэжээл тариалах ажлыг эрчимжүүлэх гэнэ. Төгрөг, Эрдэнэ, Дарви сум гадны нөлөөлөлд өртөөд байгаа голуудад онцгой хамгаалалтын бүс тогтоож ажиллахаар төлөвлөгөө гаргаад байгаа ажээ.

2030 он гэхэд Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах таван зорилтын хүрээнд 18 бодлогын 23 техник арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлт гаргасан байна.

Холбоотой мэдээ