“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяныг Зүүнбүрэн сумаас эхэллээ

               
2022-04-14 0

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн бодлогыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэж тусгасан байдаг. Энэхүү бодлого, зорилтын хүрээнд тус аймаг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар зарлаад байна. Аяны хүрээнд урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээг сум бүрт хүргэж үйлчлэхээр эхний гараагаа Зүүнбүрэн сумаас эхэлжээ.

Энэхүү аяныг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагааг аймгийн ЭМГ-аас хариуцан ажиллаж байна. Оношилгоо, эмчилгээнд сумын 0.6 сартайгаас 18 хүртэл насны бүх хүүхэд энэ сарын 13-18-нд тав хоногийн турш  хамрагдах аж. Үзлэгийн үеэр илэрсэн урт хугацааны эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх юм байна. Зүүнбүрэн сумын хувьд дээрх насны 800 гаруй хүүхэд байдаг бөгөөд үзлэгт бүрэн хамрагдах боломжтой 700 орчим хүүхэд байгаа аж.

Аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од: ”Орон нутагт зөөврийн байдлаар шүд оношилж эмчилнэ гэдэг нь гар ажилбар ихтэй, цаг хугацаа зарцуулсан, эмчилгээний материал, хүний нөөцийн хүрэлцээ зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагаа шаардагдана. Эхний сумын үзлэгийн үр дүнгээс шалтгаалж дараагийн суманд ажиллах тооцоо судалгаа гарах тул дараалан сумдад ажиллах боломжгүй байна. Иймээс ямартай ч “Эрүүл хүүхэд – Сэлэнгийн ирээдүй” гэсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн тулд аль болох цаг хугацааг хурдан шийдэж, сум бүрт хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй ажиллана” хэмээн ярилаа.

Мөн үзлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахад ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн үзлэгийн багийг ахалж, эмчлэгч эмчээр аймгийн ЭМГ-ын Хүүхдийн нүүр ам судлалын эмч Э.Санаа-Амар, Сайхан сумын ЭМТ-ийн Нүүр ам судлалын сувилагч Н.Энхцэцэг, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дарга О.Халиун, Зүүнбүрэн сумын ЕБ-ын сургуулийн эмч Б.Уянга нар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ