АмЧам-ын ээлжит уулзалтаар төрийн өмчит компаниудын либералчлалыг хөндлөө

               
2023-02-28 0

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) ээлжит уулзалтаа “Монгол Улс: Чөлөөт зах зээл үү, төрийн өмчит капитализм уу?” сэдвээр өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулж, зах зээл дэх төр, хувийн хэвшлийн оролцооны талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн талаар АмЧам Танхимын гүйцэтгэх захирал О.Адьяагаас тодруулбал, “Манай улс сүүлийн 30 жилд чөлөөт зах зээлд шилжсэн. Гэвч өнөөдрийн байдлаас харахад зэрэгцээд төрийн өмчийн томоохон компаниуд үүсгэн байгуулагдаж, төрийн өмч давамгайлсан зах зээл бий болоод байна. Үүнийг бид бизнесийн төлөөлөлтэй хэлэлцлээ. Улс орны хөгжил гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн үйл ажиллагаан дээр тулгуурладаг гэдэгт оролцогч бизнес эрхлэгчид санал нэг байгаагаа илэрхийлж байна гэв.

Төрийн өмчит компаниуд хууль, тогтоомжоор тоглоомын дүрмээ тодорхойлон хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байгаа нь тэгш бус, давуу байдлыг бий болгож, нэгэнтээ зах зээлийн зохисгүй харьцаа бий болсныг ТОП 10 компанийн 4-5 нь төрийн өмчийн томоохон компаниуд тэргүүлж байгаагаар жишээ татаж байв.

Хэлэлцүүлгээр “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй худалдсан, хувийн хэвшлийн барьсан Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалт зэргийг дурдаж, зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын компани, ААН-үүд томоохон төсөл хэрэгжүүлэн бүтээн байгуулалт хийж буй жишээг ярилцлаа.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, ONDO компанийн ерөнхийлөгч Ч.Анар, МСМ группийн Аж үйлдвэр хариуцсан дэд ерөнхийлөгч Маттью Метз нар байр сууриа илэрхийллээ. Бизнес эрхлэгч нар төрийн өмчит ААН-үүдийг хувьчлах үйл ажиллагааг эрчимжүүлж, энд эрчим хүч зэрэг томоохон салбаруудыг чөлөөт зах зээлд гаргах талаар саналаа хэлж байлаа. Энэ талаар хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, төрөөс шаардах ёстой гэсэн байр сууриа ч илэрхийлж байв.

ONDO компанийн ерөнхийлөгч Ч.Анар, харилцаа холбооны салбарыг бусад салбараас түрүүлэн хувийн хэвшлийнхэнд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болсноор тухайн салбар сайн хөгжиж буй жишээг хэлж, ойрын 5 жилд харилцаа холбооны компаниуд “Эрдэнэт”, “Оюутолгой” шиг ашиг олдог болно гэдгийг онцолж байна. Өнөөдрийн байдлаар харилцаа холбооны салбарт үүрэн болон суурин нийт 8 оператор компани үйл ажиллагаа явуулж буйг мэдээллээ. 

Америкийн Худалдааны танхим нь сар бүрийн уулзалтаа тусгайлсан сэдвээр хийдэг. Оны эхний сарын уулзалтаа “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвээр зохион байгуулсан бол хоёрдугаар сарын уулзалтаа ийнхүү төрийн өмчит компаниудын либералчлалаар хийлээ. 

Холбоотой мэдээ