
ОХУ барууны орнууд руу экспортолдог их хэмжээний эрчим хүчний экспортыг хэрэгцээтэй орнууд руу хялбархан шилжүүлэхийн зэрэгцээ дотоодын газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлжээ.
Одоогийн байдлаар ихэнх улс орнууд ОХУ-ын эрчим хүчний импортод шууд хориг тавихгүй байгаа хэдий ч худалдан авагчид өөр зам суваг хайж байгаа эсвэл тээвэр, ложистикийн асуудалтай тулгарсан зэрэг шалтгаанаас ОХУ-ын шатахууны экспорт буурч эхэлсэн байна.
В.Путин лхагва гарагт Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахдаа “ОХУ эрчим хүчний экспортын асуудлыг шийдвэрлэх ёстой” гэдгийг олон нийтэд нээлттэйгээр анх удаагаа хүлээн зөвшөөрөв.
ОХУ-ын зүгээс газрын тосны экспортынхоо зарим хэсгийг Ази руу чиглүүлж, худалдан авагчдыг татахын тулд нэн хөнгөлөлт үзүүлж байна. Одоогоор АНУ ОХУ-аас түүхий газрын тосны бүтээгдэхүүн импортлохыг бүр мөсөн хориглоод байгаа бөгөөд оны эцэс гэхэд Их Британи мөн адил арга хэмжээ авах төлөвтэй байгаа юм.
Энэ сарын эхний зургаан хоногийн байдлаар ОХУ-ын газрын тосны олборлолт сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаагүй их хэмжээгээр буурч, өдөрт дунджаар 10.52 сая баррель болсон хэмээн “Bloomberg” тус улсын Түлш, эрчим хүчний ерөнхий судалгааны байгууллагын мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна.

0 cэтгэгдэлтэй