Товчхон
               

Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 автобус худалдан аваад байна

               
2022-04-14 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах, гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр автобусны парк шинэчлэхийг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар болов.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг 8 дугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдүүлэхийг үүрэг болгов. Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель  хөдөлгүүртэй автобусны гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, Засгийн газарт 14 хоногийн дотор танилцуулж, шийдүүлэхийг даалгажээ.

Одоогоор нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэх шаардлагатай байгаа аж. Үйлчилгээнд ямар автобус нэвтрүүлбэл ашигтайг судлахад цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт их ч удаан хугацаандаа ашигтай гарчээ.

Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, паркаа шинэчлэхээр төлөвлөжээ. Одоогоор 60-ыг худалдан аваад байгаа ч хил дээр саатжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил, 18 хувь нь 7-9 жил, 5 хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жил болжээ. Парк шинэчлэлийг 2009 оноос хойш хийгээгүй бөгөөд энэ жил 500 гаруй автобусыг үйлчилгээнээс гаргах аж.

Холбоотой мэдээ