
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Баг, хороодыг хувааснаар нэг дарга л нэмэгдсэнээс ажиллах боловсон хүчин, төсөв мөнгөний асуудал хүнд хэвээр байна. Энэ хуулийн араас Ахмадын тухай хуулийн өөрчлөлт мөн орох байх. Б.Пүрэвдорж гишүүн орой нь ууж идэж явж байгаад өглөө нь гэнэт тэтгэврийн 7 жилийг 5 болгоё гээд нэг лоозон бариад суугаад, өөрөө ганцаараа санаа зовоод байгаа мэтээр яриад байна.
Яг үнэндээ Нийгмийн бодлогын байнгын хороо сүүлийн хоёроос гурван жилд ахмадууд руугаа чиглэсэн шат дараатай цогц арга хэмжээнүүд авч байгаа. Тэтгэврийн асуудалд мөнгийг нь төсөвт суулгах талаар нэг ч үг дугарахгүй байж заримдаа орж ирээд долоог тав болгоё гээд яриад байдаг. Бид үүнийг төсөвтэй нь, хүний нөөцтэй нь шийдэх гээд Нийгмийн даатгалын багц хуулийг цаг алдалгүй оруулж ирэн төрийн реформ хийе гэдгийг А.Ариунзаяа сайдад үүрэг өгөөд явж байгаа. Долоон жилийг тав болгох асуудалд ганц Б.Пүрэвдорж гишүүн биш Б.Баттөмөр гишүүн, миний бие, П.Анужин гишүүн, Б.Бейсен гишүүн зэрэг хэд хэдэн гишүүд нийлээд өргөн барьсан” гэв.

0 cэтгэгдэлтэй