
Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг нь 33 багш, ажилтантай. Энэ хичээлийн жилд 210 хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна.
Тус цэцэрлэгийн хамт олон “Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөр болон “Хоггүй ногоон Ховд” аян, Амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд “Хоггүй орчин” сэдэвт төсөлт тоглоомын сургалт, үйл ажиллагааг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
Энэ хүрээнд тусгай төлөвлөгөө гарган, бодитоор хийж хэрэгжүүлсэн ажлын нэгдсэн тайланг өчигдөр танилцуулж, бүтээлийн үзэсгэлэн гаргав.
16 дугаар цэцэрлэг өмнө нь “ирвэс”, “би гэртээ цэцэгчин” сэдэвт төсөлт тоглоомын үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд энэ удаа буюу гурав дахь үйл ажиллагаагаараа дамжуулан хүүхэд багачуудад хог хаягдлын талаар мэдлэг олгож, хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах аргачлалд эцэг эхийн хамтын оролцоотой суралцуулснаараа онцлогтой.
Түүнчлэн хүүхэд багачуудын дунд “Эх дэлхийгээ хайрлая” аялал, “Хаврын гоёл” загварын шоу тэмцээн зохион байгуулах, гарын доорх материал ашиглан хүүхдүүд өөрсдийн тоглох дуртай тоглоомыг зохион бүтээх, “Хүүхэд бүр хогоо ангилж сурцгаая” уриалга дэвшүүлж, бусдыгаа нэгтгэх, анги тус бүрт хог ангилан хийдэг савтай болох, хоггүй орчинтой холбоотой шүлэг зохиох, хог хаягдлын талаар цуглуулсан мэдээллийг нэгтгэн илтгэл тавьж, бусдад үлгэрлэх гэх мэт олон бүтээлч ажлыг “Хоггүй орчин” сэдэвт төсөлт тоглоомын хүрээнд хэрэгжүүлж тайлагналаа.
Энэ үеэр хүүхдүүд эцэг, эх, багш нартайгаа хамтран сонины цаас, ундааны сав, картон цаас зэрэг гарын доорх материал, хог хаягдал ашиглан хийсэн 22 нэр төрлийн 1000 орчим тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг дэлгэсэн байв.
Энэ цэцэрлэгийн хамт олон бүтээлч ажлынхаа хүрээнд мөн “Хүүхдийн хоолны үзэсгэлэн” гаргалаа.
Энэ үеэр бүх анги, бүлгийн суралцагч хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлд хүүхдийн хоолны талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд долоо хоногийн хоолны цэсний дагуу 25 нэр төрлийн хоол, цай, ундаа, жүүсээр амталгаа явууллаа.
Хавар, намар, өвлийн улиралд хүүхдэдээ үргэлж тэжээллэг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хийж өгч, өсөлт хөгжил, биеийн онцлогийг нь дэмжиж байхыг мэргэжлийн тогооч, багш нар зөвлөлөө.

0 cэтгэгдэлтэй