Товчхон
               

Өвөрхангай аймагт цасанд боогдсон 49 автомашиныг татан гаргажээ

               
2022-04-15 0

Сүүлийн өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас авто замд халтиргаа, гулгаа үүсч, зам, даваа цасанд боогдох, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас Арвайхээр-Баянхонгор буюу баруун чиглэлд гаргах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны 14.00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарласан байна.

Энэ сарын 14-нд орсон их цасны улмаас Онцгой байдлын газарт сураггүй алга болсон гэх нэг, цасанд суусан гэх хоёр, цасанд боогдсон нэг дуудлага тус тус ирсний дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж, сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ.

Мөн ӨВ-АЗЗА ТӨХК-ийн 28, Онцгой байдлын газрын гурван алба хаагч, найман техник хэрэгсэлтэйгээр зам давааг цэвэрлэж, цасанд боогдсон 49 автомашиныг татан гаргаж, 146 иргэнд тусламж үзүүлээд байна.

Цаашид цаг агаарын байдал тогтворгүй байх тул цасан шуурганы үеэр малаа ойрын бэлчээрт бэлчээх, хотлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулж оролцохыг Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

Холбоотой мэдээ