Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 20 эшлэл

               
2022-04-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Жагсаалтай холбоотой асуудлаар 15 орчим санал болон бичгээр ирсэн 270 гаруй саналын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Үүний 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой асуудлууд байна.

2. Засгийн газар эдгээр ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Нэг дор бүгдийг хийх боломжгүй.

3. Зарим нөхцөлд стандарт бус гэж хэлж болохуйц арга хэмжээ авахаас өөр гарцгүй нөхцөл байдалд орсон.

4. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж өнөөдөр баталсан.

5. ОУ-ын зах зээл дээр огцом өсөж буй шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох эрх зүйн орчин нээгдэж байгаа.

6. Бензиний үнийг Засгийн газар Монголбанктай нийлж сангийн бодлого болон мөнгөний бодлогыг нийлүүлэх хүрээнд эрх зүйн орчны хүрээнд шатахууны үнийг хямралт үед боломжит дээд хэмжээнд барина.

7. Инфляцын хувьд үнэ хөөрөгдүүлдэг гол бүтээгдэхүүн бол шатахуун. 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан байсан учир энэхүү эрх зүйн орчин шаардлагатай болсон.

8. Энэхүү багц ажлын хүрээнд 100 сая ам.доллар орчим хөрөнгө зарцуулагдах урьдчилсан тооцоолол гарсан.

9. Гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ. Төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна.

10. Импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын 5 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болсон. Энэ оныг дуустал үргэлжилнэ.

11. Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төрөөс дэмжиж зарим албан татвараас чөлөөлнө.

12. Дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид арилжааны банкаас зээл авах боломжтой ба хүүг төрөөс даана.

13. Төрийн өмчид компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлана.

14. Төрийн өмчит 10 орчим компанийг нэгтгэж, 10 орчмыг татан буулгана.

15. Төр үе шаттайгаар автомашинаас татгалзах асуудлыг хуулиар зохицуулна.

16. Засгийн газар 10-15 хувийн хэмнэлттэйгээр ажиллана.

17. Төрийн албан тушаалтнууд гадаадад зорчихдоо бизнес ангилалаар зорчдог асуудлыг хуулиар зохицуулна.

18. Төрийн тусгай алба хаагчдаас бусад алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.

19. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангалахтай холбоотой, Хөгжлийн банктай холбоотой зэрэг, хүүхдийн сургууль цэцэрлэг зэрэг асуудлууд мөн бий.

20. Цэцэрлэгийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодын тодорхойлон хувийн хэвшилтэй хамтарч ажиллах зарчмын шийдлийг гаргалаа.

Холбоотой мэдээ