Товчхон
               

Б.Бат-Эрдэнэ: Шинэчилсэн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн

               
2022-01-06 0

УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Шинэчилсэн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг илүү нарийвчлан тусгажээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.06) хэвлэлийн хурал хийж, уг дүрмийг олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр, “Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгасан. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон. УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон. Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон. Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллана. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгана. Харин хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.” гэлээ.

Шинэчлэгдсэн дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөх, хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус байнгын хороо өнгөрсөн онд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2021 онд нийт 7 удаа хуралдаж, 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, санал дүгнэлт гаргажээ.

Тус байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Хүмүүнлэг боловсрол, Ёс зүйн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад,  боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд танхимаар болон цахим хэлбэрээр оролцож, Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцсан байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд сонссон. “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ