Товчхон
               

Монголын баримтат кино Амстердамын кино наадмын шилдгээр шалгарчээ

               
2022-04-18 0

Монголын уран бүтээлчдийн бүтээсэн “Хүрд” кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивал (IDFA)-ийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдэг кино (“Best Film”)-оор шалгараад байна. Ази, Европ, Латин Америкийн орнуудад зохион байгуулдаг хүний эрхийн чиглэлийн 20 гаруй кино наадамд уригдан оролцож, дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн хүртээл болоод буй уг кино өнгөрсөн 7 хоногт эх орондоо нээлтээ хийв.

Киноны найруулагч, сэтгүүлч Л.Номин, “2020 онд бүтээсэн уг кино цар тахлын улмаас хойшлогдсоор Монгол дахь нээлтээ хийж буй”-г тодотгоод кинонд архинд гүн орох, амиа егүүтгэх, ганцаардах, сэтгэхүйн дарамтад орох зэрэг нийгмийн өөрчлөлтийн явцад гарч буй эмзэг үеийг хүмүүсийн бодит амьдралаар тусгаж харуулсныг онцоллоо. Нөгөө талаар өнөөгийн манай нийгэмд хүнийг хайрлах хайр, үнэлэх үнэлгээ гэж байна уу гэсэн асуултыг уг кино тавьжээ. 

“Энэ бол хүн бүр, улс орны өмнө тулгамдсан асуудал. Монголд жилээс жилд өссөөр байгаа амиа егүүтгэл гэх харамсалтай зүйлийн талаар асуудал дэвшүүлсэн баримтат кино юм. Ямар учир шалтгаанаас болж хүн ийм харамсалтай алхамд хүрдэг талаар манай нийгэмд тэр бүр хэн ч ярьдаггүй, чимээгүй өнгөрдөг. Эмээдэг, цэрвэдэг. Харин одоо энэ талаар ярилцах цаг болсон. Амиа егүүтгэх гэдэг нь “Намайг авраач” гэсэн нийгэмд дохиог өгсөн чимээгүй хашгираан юм.

Хүмүүс бие биеэ хайрлаж, түших, өмгөөлж хамгаалах, нэгнээ сонсох цаг нь болсон. Аль болох олон хүн үзэж, бодож тунгаагаасай” хэмээн найруулагч, сэтгүүлч Л.Номин хэлж байна. Энэ сарын 14-нөөс монгол үзэгчдэд хүрч буй “Хүрд” баримтат кино “Tengis Cinema”, “Prime Cineplex Mongolia” кино театруудад гарч байна.  

Холбоотой мэдээ