Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын УАШТ эхэллээ

               
2022-01-08 0

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд өнөөдөр(2022.01.08) эхэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад, “Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай.” гэв.

Тэрбээр, 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ. 

Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцлоо. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ.

Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгараад байна.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг  Швейцар системээр 8 өрөг явуулах бөгөөд оролцогчдоос медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулах юм байна.

Энэ жилийн тэмцээнд Увс аймгийн нэг гэр бүлээс эгч, дүү 3 шатарчин шигшээ тэмцээнд шалгаран оролцож байгаа нь онцгой дурсамжтай тохиолдол байлаа.

Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг: -Би Увс аймгаас дүү Лхагвасүрэнтэйгээ хамт оролцож байна. Манай эмэгтэй дүү Улаанбаатар хотод амьдардаг. Нийслэлийн тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч, шигшээ тэмцээнд оролцож байгаа. Бид эцэг, эхээс наймуулаа. Анх ааваараа шатар заалгаж, чөлөөт цагаараа байнга тоглодог байсан. Манай аав шатрын спортын шүүгч Жаваа гэж хүн байдаг. Нутаг орондоо олон хүүхдийг шатрын спортод оруулсан.

Увс аймгийн оролцогч Ж.Лхагвасүрэн: – Аймгийн тэмцээн өрсөлдөөнтэй, чанга байлаа. Энэ жил манай аймгаас хамгийн их буюу 500 гаруй шатарчин өрсөлдлөө. Эгч, бид хоёр аймгийн хэмжээнд болсон хагас шигшээ тоглолтод түрүүлж, шигшээ тоглолтод орох эрхээ авсан. Манай төрсөн дүү мөн гуравдугаар байрт шалгарсан.

Чингэлтэй дүүргийн оролцогч Ж.Алтанчимэг: -Би нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Дүүргийн тэмцээнд түрүүлж, нийслэлийн хэмжээнд болсон хагас шигшээ тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч, шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй байна.

Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, Ардын Их Хурлын депутат Д.Найдан, С.Билэгсайхан, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Баттулга, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Э.Түвшинжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастер Ц.Батчулуун болон албаны хүмүүс оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ