Японоос Украин руу маск болон дронууд илгээнэ

               
2022-04-19 0

Японоос Украин руу хамгаалалтын маск, химийн зэвсгээс хамгаалах хувцас болон дрон зэргийг тусламж болгон илгээхээр болсныг тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Нобүо Киши хэвлэлийн хурлын үеэр “Энэхүү шийдвэрийг Украины засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу гаргасан. Бид цаашид ч боломжоороо Украинд тусалсаар байх болно. Тусламжийн эд зүйлсийг бэлэн болмогц агаарын тээврээр хүргүүлнэ” гэжээ.

Оросууд Украинд химийн зэвсэг ашигласантай холбоотойгоор болгоомжлол улам нэмэгдэж буй тул уг тусламжийг хүргүүлэхээр болсон байна.

Японы засгийн газар тээвэрлэлт хийх боломжтой болгохын тулд батлан хамгаалахын техник хэрэгсэл шилжүүлэх тухай удирдамжаа өнгөрсөн сард шинэчилжээ. Үүний дараагаар сум нэвтэрдэггүй хантааз, дуулга, байлдаанд зориулсан өвлийн дүрэмт хувцсуудыг Украинд илгээх санал тавьсан.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагүида “Түүхий нефть, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт украинчуудын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн сөргөөр нөлөөлж буйд Японы ард түмэн санаа зовж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ