“Ханжоу-2022” Азийн паралимпын IV наадмыг зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогджээ

               
2022-04-19 0

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах анхны монгол хүн болох юм.

Н.Оюунбат нь БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Орос, англи, хятад хэлтэй. Түүний ажил эрхэлсэн байдлыг товч танилцуулбал, БСШУЯ-ны дэргэдэх Европын сургалтын төвд төслийн зохицуулагч, ЮНЕСКО-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбарын төв, Азийн спортын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн, Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, Дэлхийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын даргаар 2019 оноос сонгогдон ажиллаж байна. Азийн Паралимпын Хороо нь 44 орныг эгнээндээ багтаасан бөгөөд тус хороо нь 14 удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй юм.

Олон Улсын Паралимпын Хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” хорооны Ази тивийг төлөөлсөн гишүүн, “Токио-2009” Азийн хүүхдийн паралимпын наадам, “Ванкувер-2010” Өвлийн паралимпын наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпын наадам, Тэргэнцэртэй тамирчдын 2011 оны Дэлхийн наадам, ОХУ-ын Сахад болсон “Азийн хүүхдийн V наадам, “Лондон-2012” зуны паралимпын наадам Монгол Улсын багийн ахлагчаар ажиллаж байв. Түүнийг Үндэсний шигшээ багийн албаны даргаар 2008 онд ажиллаж байх хугацаанд Монгол Улс анхны олимпын алтан медальтнуудаа өлгийдөн авсан билээ.

Эх сурвалж: БТСУХ

Холбоотой мэдээ