
ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагааныхаа дараагийн үе шатыг эхлүүлж байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “India Today” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Тэрбээр, “Энэ ажиллагаа үргэлжлэх болно, энэ ажиллагааны дараагийн үе шат эхэлж байна. Донецк, Луганск ард улсуудыг бүрэн чөлөөлөхөд чиглэгдсэн ” гэв.
Мөн Украины удирдлага, Ерөнхийлөгч Владимир Зеленскийг биечлэн шүүмжилж, энх тайвныг амлаж төрийн эрхэнд гарсныг нь сануулжээ. “Зеленский Минскийн гэрээний үндсэн дээр энх тайванд хүрнэ гэж хэлсэн ч хэдэн сарын дараа гэрээг хэрэгжүүлэх боломжгүй учир хэрэгжүүлж чадахгүй гэж мэдэгдсэн” гэж С.Лавров хэлэв.
Оросын ГХ-ийн сайд мөн Украины нутаг дэвсгэрийн олон янз байдлыг онцлон тэмдэглэв. “Украины нутаг дэвсгэр бол хэцүү төвөгтэй бүтэц юм. Тиймээс Украин улс зөвхөн нэгдсэн улс байж болно, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шаардсан ч гэсэн аль ч хэсэгт нь онцгой статус олгохгүй гэж маргах нь буруу юм. Үүнийг маш сайн бодож үзээгүй гэж бодож байна” гэж сайд хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд шилжих шөнө Украины Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ мэдэгдсэн билээ. Үүний дараахан Оросын арми Украинд цохилт өгсөн юм. Украины хотууд, тэр дундаа Киев хот пуужингийн цохилт, бөмбөгдөлтөд өртсөн.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариуд нь орон даяар байлдааны бэлэн байдал тогтоосныг мэдэгдсэн. В.Зеленский мөн ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм.

0 cэтгэгдэлтэй