Товчхон
               

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэрийг гаргаад байна.

Сургууль, боловсролын байгууллагад сурагчдын тооноос хамаарч, тухайн сургууль цэцэрлэгт төрөөс олгогддог зардлыг хувьсах зардал гэж нэрлэдэг. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт төрөөс хувьсах зардлыг олгосоор ирсэн. Төрийн өмчийн сургуулийн ачаалал нэмэгдэж, нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, 2-3 ээлжээр хичээллэж байгаа энэ үед боловсролын чанар хүртээмжийн асуудал хурцадмал байдалд орсон. Төрөөс олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын сургууль, цэцэрлэгийн ачааллыг буурна гэж үзэж байгаа юм байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй багтаамж буюу нийт суралцах ёстой хүүхдийн тооноос 2,5 дахин нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах тохиолдолд одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно. Энэ жилийн хувьд 10 орчим тэрбум төгрөг нэмж төсөвлөж байна. Одоогоор нийслэлд 57 байршилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүртээмж бага байна. Эдгээр байршилд 100 гаруй цэцэрлэг шаардлагатай байгаа. Нийслэлд 200 хүүхдийн цэцэрлэг дунджаар 3 тэрбум төгрөгөөр баригддаг. Нэг дор ийм олон цэцэрлэг барих боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих замаар зохион байгуулалт хийхээр болж байгаа юм” гэв.

Холбоотой мэдээ