ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Монголд айлчилж байна

               
2022-04-20 0

Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёорулмаз манай улсад айлчилж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ТИКА-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ноён Др. Үмит Нажи Ёорулмаз ТИКА-ийн олон улс дахь болон Монгол дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. Тус байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, төрийн болон ТББ-ын чадавхыг бэхжүүлэхэд ажиллаж байна. Мөн хоёр орны нийтлэг түүх соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулах, ус, усны эрүүл ахуй, эдийн засаг,  хүмүүнлэгийн тусламж зэрэг бүхий л салбарт 770 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэлээ.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан ТИКА-ийн удирдлагын ажлын айлчлалд нь амжилт хүсээд, өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт  түүх соёлын салшгүй холбоотой манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хөгжиж ирсэн. Энэ бүхэнд ТИКА маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэдгийг онцоллоо. Тэрээр, бүхий л салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хоёр орны түүхийн дурсгалыг хадгалж хамгаалахад чухал хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ЭСЯ болон ТИКА-д талархаж байгаагаа илэрхийлэв. “Удахгүй бүтээн байгуулалт нь эхлэх гэж буй Мэргэн Тоньюкукын музейн төсөл хэрэгжсэнээр Монголын ард түмэн, залуу хойч үес маань түүхээ хуваалцаж тэр хэрээр харилцаа, хамтын ажиллагаа маань үргэлжилнэ. Монгол Улсын түүх, соёлын салбар ч гэсэн чухал түүхийн музейтэй болж  аялал жуулчлалын салбарт ч бас үнэтэй хувь нэмэр оруулна” гэлээ.

Уулзалтад  БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, дэд хөтөлбөр зохицуулагч Жэйлан Атмажа, мэргэжилтэн Хатижэ Мүгэ Караташ нар байлцлаа. ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёорулмаз Монгол Улс дахь айлчлалын хүрээнд Өвөрхангай, Ховд, Баян-өлгий зэрэг аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцах юм.

Холбоотой мэдээ