Кабулд сургууль дэлбэрч, зургаан хүн амиа алджээ

               
2022-04-20 0

Кабулд хөвгүүдийн сургуульд болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.

Дэлбэрэлт тус хотын баруун хэсэгт шиа шашинтнууд давамгайлдаг Абдул Рахим Шахид ахлах сургуульд болсон байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн ойролцоох сургалтын төв рүү гранатаар дайрчээ.

Эхний мэдээллээр Абдул Рахим Шахидын сурагчид болон ажилтнууд руу амиа золиослогч этгээдүүд дайрч, халдлага үйлдсэн байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч Кабулын цагдаагийн төлөөлөгч Халид Задран хэлэхдээ гар хийцийн тэсрэх бөмбөгийг сургуулийн гадаа орхисон байна гэв.

Дэлбэрэлт болох үед хүүхдүүд өглөөний хичээлээ тараад явж байсан гэж нэгэн гэрч Франс Пресс агентлагт ярьжээ. Мөн их, дээд сургуульд элсэх шалгалтад бэлдэж байсан оюутнуудын ойролцоох сургалтын төв рүү гар гранат шидсэн талаар орон нутгийн эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн жил Талибанчууд засгийн эрхийг авсны дараа Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаа багассан.

Исламын бүлэглэл сүүлийн хэдэн жилийн хугацаанд Афганистан дахь шиа шашинтнуудын эсрэг кампанит ажил явуулж байгаа юм. Спортын ордон, соёлын төв, боловсролын газрууд зэрэг объектуудыг бөмбөгдсөний улмаас олон хүн амь үрэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард Дашт-е-Барчи дахь охидын сургууль руу Исламын бүлэглэл халдлага үйлдэж, 90 гаруй оюутан, ажилтан амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ