“Намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх саналыг дэвшүүллээ”

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“Манай улсын эдийн засагтай холбоотойгоор Засгийн газраас өнөөдөр төсвийн тодотгол оруулж ирж байна. 14 хоногийн өмнө олон залуучууд талбай дээр гарч жагсаад олон саналыг улс төрийн намуудад хүргүүлсэн. 30 жилийн алдаа оноон дээр дүгнэлт хийх цаг нь болсон байна. Үүсээд байгаа асуудлыг үндсээр нь шийдэх цаг болсон. Ингээд намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх саналыг дэвшүүлж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

“Бид холын төлөвлөгөөтэй хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой. Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралын үүд хаалгыг нээж өгч байна. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Хэт нэг намын давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй. Миний хувьд холимог тогтолцоогоор сонгогдсон парламентад ажиллаж байсан. Гишүүн болгоны үгийг сонсдог байсан. Сүүлийн хоёр парламент хэн нэгний даалгавраар ажил хийж байна. Нэгдсэн төсөв баталж байгаа боловч тойргийн төсөв батлаад байгаа. Тиймээс эхлээд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Үүнээс өмнө улс төрийн намын хуулийг хэлэлцээд хэрэггүй” гэлээ.

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл:

“Үндсэн хууль бол хөгжил дэвшлийн баримт байх ёстой. 2019 оны Үндсэн хуульд орон нутагт намчирхлыг сааруулах гэсэн бүлэг оруулахаар яригдаж байсан. Харамсалтай нь тухай үеийн эрх баригчид орон нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь гэсэн нэрээр сольсон. Намчирхал хэрээс хэтэрснээс шалтгаалаад манай улс сонгуулийн эдийн засагтай орон болоод байна. Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил намчирхлын золиос болж байна. Бүхий л салбарт хөгжил явагдахгүй байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах үндсэн зорилгоосоо бид хазайсан. Тиймээс эдийн засаг, намчирхал талцлыг саармагжуулах гэсэн хоёр бүлгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтаах хэрэгтэй. Улс төрийн намын болон сонгуулийн, Үндсэн хуулийг хамтад нь хэлэлцэх нь зөв” гэв.

Холбоотой мэдээ