Жонни Депп: Би хэзээ ч Эмбер Хердийг цохиж байгаагүй

               
2022-04-20 0

Жүжигчин Жонни Депп экс эхнэр Эмбер нэр хүндэд халдсан хэргээр шүүх хуралд оролцохдоо түүнийг хэзээ ч цохиж байгаагүй гэж мэдүүлжээ.

Хатагтай Херд өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэмээн Вашингтон Пост сонинд ярилцлага өгч байжээ. Иймд тэрбээр Жонни Деппийн эсрэг 100 сая долларын нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандсан байна. Виржиниа мужид болж буй уг иргэний шүүх хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм.

Эмбер Хердийн баг Жонни Деппийг хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүчирхийлэгч хэмээн буруутгаж байгаа аж. Ноён Деппийн багийнхан харин Хердийн гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдэгдлийг “хууран мэхлэлт” бөгөөд санаатайгаар нэр хүнд унагах зорилготой байсан гэж үзжээ.

Жонни Депп мягмар гарагт тангарагтны шүүгчдийн өмнө үг хэлэхдээ “Би хэзээ ч хатагтай Хердийг цохиж байгаагүй, мөн амьдралдаа ямар ч эмэгтэйг зодож үзээгүй” гэжээ.  

Түүнчлэн Депптэй 1990-ээд оноос хойш тоглосон бараг бүх кинон дээр нь хамтран ажилласан дууны инженер жүжигчнийг хоёр хүүхэд болон эхнэрээ сэтгэл зүйн, бие махбодийн хүчирхийлэлд оруулж байхыг хэзээ ч харж байгаагүй гэдгээ гэрчилжээ.

Харин шүүхээс Жонни Депп болон Эмбер Херд нарыг нэгнийхээ сэтгэл зүйд харилцан хүчирхийлэл үйлдсэн хэмээн урьдчилсан байдлаар тогтоожээ. Шүүх хурал дахиад зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ