Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8 баг шалгарлаа

               
2023-08-09 0

Австрали, Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шөвгийн найман баг тодорлоо.

Дэлхийн шилдэг 16 багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсний эцэст шөвгийн наймд Англи, Австрали, Франц, Испани, Нидерланд, Швед, Япон, Колумбийн багууд шалгарав. Энэ удаагийн ДАШТ-ээс шинэ аварга төрнө гэдгийг шөвгийн 16 багийн тоглолтууд харууллаа.

Шведийн шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн хөлбөмбөгчдийг торгуулийн цохилтоор буулган авснаар америк бүсгүйчүүд ДАШТ-ий түүхэнд анх удаагаа шөвгийн наймд шалгарч чадсангүй.

Европын аварга англичуудын хувьд мөн торгуулийн цохилт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Нигери улсын хөлбөмбөгчид тоглолтын үндсэн болон нэмэлт цагт онооны харьцааг 0-0 хэвээр байлгасан боловч Английн баг торгуулийн цохилтыг 4-2 харьцаагаар давамгайлан гүйцэтгэснээр ялалт байгуулав.

Испани шөвгийн 16-гийн тоглолтод Швейцарыг 5-1 харьцаагаар буулган авсан бөгөөд Испанийн хөлбөмбөгч Айтана Бонмати “Алтан шаахай”-н эзэн болох магадлал улам өслөө. Түүнчлэн Японы шигшээ баг Норвегийн багийг 3-1 харьцаагаар илүүрхсэн юм.

Мөн ДАШТ-ийг хамтран зохион байгуулагч Австрали ба 2019 оны ДАШТ-ий шувтаргын шатанд шалгарч байсан Нидерландын баг тамирчид Дани, Өмнөд Африкийг тус тус 2-0 харьцаагаар буулган авчээ. 

Харин мягмар гарагт колумбичууд Ямайкийн багийн 1-0 харьцаагаар илүүрхсэнээр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд түүхэнд анх удаагаа шалгарлаа. Францын багийн хувьд мароккочуудыг 4-0 харьцаагаар илт давамгайлан яллаа.

Шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болно.

Тоглолтын хуваарь:

Наймдугаар сарын 11

09:00 Испани-Нидерланд

15:30 Япон-Швед

Наймдугаар сарын 12

15:00 Австрали-Франц

18:30 Англи-Колумби 

Холбоотой мэдээ