Т.Доржханд: Гар утсаар олгодог зээлийн үйлчилгээг хуулиар дэмжих шаардлагатай

               
2022-04-20 0

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нарын гишүүд Банк бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан талаар өнөөдөр мэдээлэв.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар, банк бус санхүүгийн байгууллага 11 тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар 4 тусгай зөвшөөрөлтэй болгож буйг мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар, банк бус санхүүгийн байгууллага цахимаар ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ төрийн банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд хувиараа банк бус санхүүгийн байгууллага эзэмшихийг хориглох юм байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“Уламжлалт хэлбэрээр олгодог байсан зээлийн бүтээгдэхүүн гар утас руу шилжсэн. Ингэснээр, иргэдэд олгодог зээлийн хүртээмж нэмэгдсэн. Гар утсаар зээлийн хүсэлт явуулснаар олон теллер, эдийн засагч суух шаардлагагүй болж зардал багасна. Зээлийн хүү ч буурах боломжтой болно. Дэлхий даяар технологид суурилсан финтек үйлчилгээ эрчтэй хөгжиж байна. Манай улсад ч хэдийн нэвтэрсэн ч эрх зүйн хувьд хоцрогдож байна” гэдгийг тэмдэглэв. Хоёр жилийн өмнө санхүүгийн сектор дахь банкны оролцоо 90 хувь байсан нь одоо 75 хувь болж буурсныг тодотгоод, цаашдаа 50, 50 хувь болох ёстойг хэллээ. Ам.долларын урсгал байхгүй болж, экспорт зогссон үед финтек төрлийн бизнес гадаадаас хөрөнгө татах боломж гаргаж буйг тэмдэглээд, энэ агуулгаар тус бизнесийг дэмжих шаардлага байгааг УИХ-ын гишүүн Т.Доржханд онцоллоо. Арилжааны банкууд дунджаар 1.2 сая төгрөгийн зээлийг иргэдэд олгосон байгаа бол гар утсаар дамжуулан олгосон зээлийн дундаж 244 мянга байгаа ч хүртээмж нь хэд дахин илүү байгааг дурдав.

Монгол Улсад 500 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд давхарсан тоогоор 4.6 сая иргэнд үйлчилгээ үзүүлж байна.

Холбоотой мэдээ