“Build Mongolia 2022” үзэсгэлэнг нээлээ

               
2022-04-20 0

 Барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр зэрэг бүтээн байгуулалтын салбарыг нэгтгэсэн “Build Mongolia 2022” үзэсгэлэнг “Степпе-Арена- Мөсөн өргөө”-д нээлээ.

“Build Mongolia 2022” нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын салбарыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм. 

Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэнд 100 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион байгуулалт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК, барилгын салбарт орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжөөс гадна 1,345м төмөр зам, өндөр даацын гүүрэн кран, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдаа хангасан баазтай, бүтээгдэхүүнийг стандартын дагуу хямд өртгөөр хэрэглэгчдэд нийлүүлж буй “Улаанбаатар БҮК” ХК үйлчилгээгээ сонирхуулж байлаа.

Түүнчлэн, уул уурхайн салбарын томоохон төлөөлөл, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Батсээр” ХХК болон “Im Tranding” LLC, зам, дэд бүтэц, тээврийн салбараас Bitumina, MN Line LLC, Шүрэн Элс ХХК зэрэг томоохон байгууллага оролцож байна.

Тэдгээр байгууллага шинэлэг шилдэг техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, зочдод монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын тухай мэдээлэл өгч, салбарын хөгжлийг үнэлж дүгнэх, олон талт хамтын ажиллагааны гүүр болох боломж олгож байна.

Эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн чиглэлийн үзэсгэлэн тогтмол болдоггүй тул энэ үзэсгэлэн том боломж юм. Энэ утгаараа бүтээн байгуулалтын салбаруудын хамгийн том, далайцтай, үр дүнтэй үзэсгэлэн гэдгийг үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, эдгээр салбар хоорондоо харилцан уялдаатай ажиллаж, биенээ нөхөж бүтээн байгуулалт хийдэг, хэрэглэх техник технологи, түүхий эд нэг учир үзэсгэлэнд оролцох нь давуу талтай. “Build Mongolia” үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбарын хувьд техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл” хэмээлээ. 

Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ