Товчхон
               

Архангай аймаг 16235 га талбайд тариалалт хийнэ

               
2022-04-20 0

Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан Архангай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалтыг цахимаар зохион байгуулж байна. Сургалт нь газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг мөрдөн ажиллах, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах зорилгоор мэдээлэл өгөх юм.Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Аймгийн хэмжээнд 2021 онд нийт 15978 га талбайд үүнээс улаанбуудай 9818 га-д, арвай 40.5 га-д, хошуу будаа 241.9 га-д, тосны ургамал 620 га-д, тэжээлийн ургамал 4732 га-д, төмс 281 га-д, хүнсний ногоо 160 га-д, жимс, жимсгэнэ 83 га талбайд тариалалт хийсэн. Энэ 2022 онд 16235 га талбайд тариалалт хийж, 257 га талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна.Энэ сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв хамтран явуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйг дэмжих 400 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар олгох, тариалангийн талбайн 10 хувьд ойн зурвас байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний шинжилгээ хийлгэх, усалгаатай талбайг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, техник дундын төвөөс хаврын тариалалтад ажиллах техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх, өвөл, зуны хүлэмж авах иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөх гэсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.Сургалтад ХХААХҮЯ-наас 5, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Судалгаа хөгжлийн төвөөс 5, аймгийн ХХААГ-аас 10, сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 120 нийт 140 хүн оролцож байна.

Холбоотой мэдээ