Реппэр Sekstsagaanbogd-ийн хэлсэн 11 “сургаал”

               
2022-04-21 0

Өөрийн өвөрмөц хэв маяг, сургамжит дууны үгсээрээ залуусын дунд танигдаж буй дуучин Б.Гантулга буюу Sekstsagaanbogd-ийн ярилцлаганаас хамгийн сургамжтай ишлэлүүдийг хүргэж байна.

Одоо сайн хоол идээд, сайн ном уншаад өөрийгөө хөгжүүлж байвал ирээдүйд ч сайн байх болно. Яагаад гэвэл өнгөрсөн гэж байхгүй, өнгөрсөнд би байсан. Ирээдүй ч гэж байхгүй, тэнд би л байгаа. Тиймээс одоо гэдгээс өөр цаг байхгүй. Одоо л хамгийн сайнаараа байх хэрэгтэй.

Эцэг эхийн хувьд хүүхдээ хамгийн сайн хүн болгохыг хүсдэг, санаа зовдог байдал нь зөв. Гэхдээ үүнийгээ заавал зөвөөр илэрхийлэх албагүй. Заримдаа эцэг эхчүүд өөрсдийн сайн мэдэхгүй зүйлийг ч хүүхэддээ заах гэж оролддог. Тиймээс би шавь нартаа “Чи илүү сайн мэднэ шүү” гэж хэлдэг.

Сүүлийн үед гарч ирээд ярьж байгаа ихэнх хүмүүсийг харахаар дандаа дунджаас дээш амьдралтай хүмүүс байгаа нь харагддаг. Тэд хамгийн сайнаараа хичээ л гэдэг. Гэхдээ хамгийн сайнаараа хичээсэн ч болохгүй зүйл байдаг. Өөрсдөө хангалуун амьдарчихаад гэрт нь ээж аав нь маргалдаад байгаа хүүхдэд хандаад “дэлхийд гар” гээд хэлчихдэг. Ерөнхийдөө өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг бусдад заах гэж оролддог болчихсон.

Хувь хүний хөгжлийн ном тухайн хүнийг хөгжүүлэхдээ гол нь биш, мөнгө олохдоо л гол байдаг. Уншаад үзэхээр заавал ийм ном авч уншихгүй байсан өөрөө мэдээд хийж болох зүйлсийг бичсэн байдаг. “365 хоног аз жаргалтай бай”, “Өглөө бүр инээмсэглэх эхэл” зэрэг өөрсдөө ч шинжлэх ухаанчаар хандаагүй, уншаагүй байгаа нь харагддаг.

Би шинэ зүйлийг дандаа зөв гэж хардаг. Муу замаар өөрчлөгдөж байсан ч зөв. Систем сайхан явж байтал гэнэт нэг муу дарангуйлагч гарч ирээд өөрчлаад хаячихдаг. Гэхдээ тэр өөрчилж байгаа нь зөв. Учир нь дахиад ч өөрчлөгдөнө гэсэн үг шүү дээ. Дэлхий дээр бүх зүйл өөрчлөгддөг гэсэн зарчим л ганцхан өөрчлөгддөггүй.

Хүн хэтэрхий цогц амьтан учраас одоогийн тархи судлал шинжлэх ухаанаар ч хүн гэж чухам юу гэдгийг тогтоож чадаагүй л байна. Тухайн хүн яг ямар мөн чанартай, ямар сэтгэл хөдлөлтэй байгааг тайлбарлаж чадахгүй. Хорвоо ертөнц эмх замбараатайгаас эмх замбараагүй руу явж байгаа. Иймд байхад тухайн хүн өөрийгөө “Би нэг ийм хүн дээ” гэж бодох нь өөрөө сонин. Түүнээс бусад бүх хүмүүс өөрийг нь өөрөөр харж байхыг үгүйсгэхгүй.

Эрх ямбатай амьдарч байгаа хүмүүс тэр байдлаасаа хүртэл зовлон олж хараад байдаг. Аав ээж Iphone 13 авч өгсөнгүй гэж гутардаг. Тэр жинхнээсээ сэтгэл гутрал болох тохиолдол ч байна.

Тэгш эрхтэй хүмүүс гэж байгаа, илүү тэгш эрхтэй хүмүүс ч гэж байгаа. Тэр хүмүүс нь гей, трансжендер, LGBTQ. Тэр хүмүүсийн талаар хамаагүй муухай зүйл хэлж болдоггүй. Хүмүүс бүдүүн хүнийг тарган болохоор чинь би чамд дургүй, царай муутай болохоор чинь дургүй гэж хэлдэг шүү дээ. Гэтэл гей хүмүүсийг ч бас би чамайг гей болохоор чинь дургүй хэлж болох байхгүй юу. Хэрвээ тэр хүмүүс ижилхэн эрх чөлөө, тэгш эрх хүсэж байгаа л бол шүү дээ. Харин феминизм, LGBTQ хүмүүсийн хувьд тэгш эрх гэдэг нь арай өөрөөр ойлгогдоод байгаа. Доромжлуулахгүй гээд байгаа ч юм шиг. Чи тэгш эрх хүссэн шүү дээ. Тэгвэл адилхан л хараалгуулаад явах хэрэгтэй.

Хүүхдүүд сайн боловсрол эзэмшихэд багш нар чухал. Гэхдээ цалингийн асуудал их яригддаг. Хүүхэддээ өвлийн гутал яаж авч өгье дөө гэж бодож самбар дээр зогсож байгаа хүн хүүхдүүдэд юу зааж өгөх вэ? Халтуурдаад гарья гэж бодвол яах вэ? МУБИС төгссөн хүн бүр сайн багш, СУИС төгссөн хүн бүр сайн уран бүтээлч болдоггүй. Явж явж ЭЕШ дээр бага оноо авсан сурагчид л МУБИС-т ордог. Хэрвээ МУБИС төгсөөд л сайн багш болоод төгсдөг байсан бол бид бүгд л бага ангийн багш нараа магтана шүү дээ.

Би нийгмийн асуудлын талаар гомдоллох маш дургүй. Хүмүүс төр нийгмээ үзэн ядаж хоорондоо их ярьдаг. Үүнийг сонсоод явахаар заримдаа бүр дургүй хүрдэг. “Өдий 40,50 насалчихаад та өөрөө юу хийсэн бэ?” гэж асуумаар санагддаг. Би одоо хорин хэдэн настай ч өөрийн чадах хэрээрээ хөдөлмөрлөөд явж л байна.

Одоо хүн бүр гар доорх материалаар студи хийгээд од болох амархан болсон. 10, 20 жилийн өмнө англи хэлтэй хүн боловсролтойдоо ордог байсан бол одоо норм болсон. Үүнтэй адил зүгээр дуулаад явах ч бас авьяас байхаа больсон. Орчин үеийн артистуудыг харахаар дууны үг, ая хамналаа өөрсдөө хийгээд дуулдаг. Зөвхөн дуулдаг хүнийг үнэлэх үнэлэмж тийм ч өндөр байх ёсгүй. Яагаад гэвэл бид илүү хөгжсөн байх хэрэгтэй. Өөрөө ядаж үгээ бичдэг байя л даа.

Холбоотой мэдээ