Товчхон
               

Дэлхийн 2-р дайнаас амьд үлдсэн Украин эмэгтэй Оросын түрэмгийлэлд амиа алджээ

               
2022-04-21 0

Энэ сарын 4-ны өдөр Оросын цэргүүдээс нуугдан, зооринд хорогдож байсан 91 настай Ванда Семёновна Обиедкова осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Оросын цэргүүд хотыг нь бөмбөгдөж, ус цахилгаан тасалсаны улмаас гарч чадалгүй байсаар нас барсан байна. Тэрбээр 80 гаруй жилийн өмнө  Мариупольд нацистуудын булаан эзлэлтийн үеэр зооринд нуугдан амьд гарч байжээ.

Түүний охин Лриса ээжийнхээ тухай “Ээж минь ийм үхлийг хүртэх ёсгүй. Ус, цахилгаан, дулаан байхгүй тул доор тэсэхийн аргагүй хүйтэн байсан. Би түүний төлөө юу ч хийж өгч чадаагүй. Бид яг л амьтан шиг нуугдсан. Хамгийн ойрын усны эх үүсвэрийг хоёр цэрэг тасралтгүй манаж байсан тул гарах эрсдэлтэй байсан. Тэсрэх бөмбөг унах бүрт байшин чичирдэг” хэмээн хамтдаа нуугдаж байсан талаараа ярьсан байна.

1941 оны 10-р сард нацистын эзлэн түрэмгийлэгчид боомт хотод ирж, еврейчүүдийг цуглуулахад 1930 онд төрсөн Ванда дөнгөж 10 настай байжээ. Цэргүүд олон мянган оршин суугчдыг болон Вандагийн төрсөн эхийг буудан хороосон байна. Германы офицерууд ээжийг нь авч явахаар гэрт нь ирэхэд бяцхан охин хонгилд нуугдаж амьд гарчээ.

Мариуполь хотын дарга хэлэхдээ, халдлага эхэлснээс хойш Оросын хүчтэй бөмбөгдөлтөд өртөж байсан зүүн боомт хотод 100,000 хүн хонгилдоо гацсан хэвээр байна. Энэ хот нь Москвагийн стратегийн гол зорилт бөгөөд хэрэв олзолж авбал Оросын олон мянган цэргийг өөр газар довтлох ажиллагаанд оролцох боломжийг хангаж, Крым дахь Оросын арми дорно зүгт салан тусгаарлагчдын хүчинтэй шууд холбогдох боломжтой болно гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ