Товчхон
               

Б.Ононбат: Оюу толгой компани монгол ажилчдынхаа цалинг хууль бусаар хасдаг

               
2022-04-21 0
Зургийн эх сурвалж: MPA

“Оюу толгой” компанийн ажилтнууд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд албажаагүй журмаар тус компанийн ажилчдын цалинг үндэслэлгүй бууруулсан гэлээ.

Хүнд машин механизмын оператор Б.Цогбаяр:

“Өмнө нь илүү цагийг тооцдог байхад 28 хоног ажиллаад дөрвөн сая төгрөгийн цалин авдаг байсан. Миний хувьд газрын гадарга дээр бус, гүний уурхайд ажилладаг. Манай компанид гүний уурхайд ажилладаг 7,000 гаруй хүн бий. Гэсэн хэдий ч одоо 1.7 сая төгрөг авч байна. Өдөрт 12 цаг ажилладаг хэрнээ энгийн цагаар тооцож цалин авдаг гэсэн үг. Ингэж туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байгаа учраас цалин нэмэхийг шаардаж байна” гэв.

Иргэн Б.Ононбат:

“Миний хувьд тухайн төсөл дээр гурван жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. “Оюу толгой” компани ашигтай ажилласан гэж олон улсад өөрсдийгөө сурталчилж мэдээлдэг. Гэвч монгол ажилчдынхаа цалин мөнгийг хууль бусаар хасаад байдаг. Өнөөдөр “Оюу толгой” төсөл дээр 600 мянган төгрөг аваад ажилладаг мянга мянган хүн байгаа. Түүнчлэн гэрээт компаниудаараа дамжуулан хууль бус үйлдэл хийлгэж, тендер нэрээр дарамталдаг. Улмаар туслан гүйцэтгэх компанийн ажилчид маш бага цалингаар хөдөлмөрөө үнэлүүлж байна. Ингэснээр 10 мянга гаруй хүний эрхийг зөрчиж, хариуцлагаас бултаж зугтааж байгаа.

“Оюу толгой” компанийн үндсэн ажилчид сард 1.6 сая төгрөгийн цалин авлаа гэж хэлж байна. Өмнө нь 4-5 сая төгрөг авч байсан хүмүүс ийм хэмжээний мөнгө авч байгаа гэсэн үг. Уул уурхайн хүнд нөхцөлд ийм цалингаар хөдөлмөрлөх боломжгүй шүү дээ. Энэ бол боолчлол, хөдөлмөрийн мөлжлөг” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ