Гандантэгчэнлин хийдэд тооллого хийж, 46,070 эд зүйлийг цахим системд бүртгэв

               
2022-04-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Соёлын яамнаас Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.Энэ удаагийн тооллогоор 46,070 эд зүйл бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь шүтээн зураг (танка), баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан шүтээний зүйлс байжээ. Үлдсэн хэсэг нь түүх, угсаатны болон шашны зан үйл, оёмол, хатгамал, сийлмэл бурхан шүтээний зүйлс.

Дээрх эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, хэмжээ, жинг давхар нягтлан цахим бүртгэлийн системд оруулсан бөгөөд гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд шилжүүлэн хадгалжээ.

Засгийн газрын хуралдаанаас Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг дижитал технологиор өндөр нарийвчлалтай баримтжуулах, хийдийн сүм дуган болон тэдгээрийн орчинд дохиолол, хяналтын камерын иж бүрэн систем суурилуулах, дурсгалт зүйлд үнэлгээ тогтоох, яаралтай сэргээн засварлах шаардлагатай дурсгалт зүйлийг үе шаттай сэргээн засварлах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан байна.

Холбоотой мэдээ