Товчхон
               

Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлнө

               
2022-04-22 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хууль, тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөснийг онцлоод  гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан болно. 2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан гэдгийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа тодотгосон. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай, Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл нэг бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа, Б.Чойжилсүрэн, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Б.Энхбаяр, Х.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд хэдэн төгрөгийн хэмнэлт гарах талаар урьдчилсан тооцоолол хийсэн эсэх, хууль батлагдвал хэрэгжих хугацаа хэдий хүртэл үргэлжлэхийг лавлахад Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас төсвийн тодотгол дээр Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хуультайгаа нийцүүлж өөрчлөлтийг тусгаж оруулсан. Энэ жилийн тодотголоор нийт дүнгээр 39.1 тэрбум төгрөгийг бууруулсан бөгөөд энэ нь ирэх жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийн суурь болох учир цаашдаа тэрхүү зардлууд дээр мөнгө тавигдахгүй, зарцуулагдахгүй гэж хариулж байлаа. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, энэ хууль батлагдсанаар хуулийн хэрэгжилт эхлэх бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль тасралтгүй мөрдөгдөнө гэв.

Харин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн элсэн чихэр, цагаан будааны импортын гаалийн албан татварыг чөлөөлж байгааг дэмжиж байгаа ч, ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж байхад импортынх нь гаалийн албан татварыг чөлөөлсөн нь оновчтой эсэхийг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар буурахыг лавласан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Батсуурь нарын зүгээс ургамлын тос үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгч компаниудыг зургаахан сарын хугацаатай Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бус  хугацааг нь уртасгах, шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахаа мэдэгдсэн. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, энэ хуулийн зорилго нь цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийг саармагжуулахад чиглэснийг тодотгоод одоо байгаа үнийг зохицуулж, бууруулах боломжгүй гэв. 

зураг

Харин Ажлын хэсгийн зүгээс ургамлын тосны хувьд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компани байдаг бөгөөд дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлж байгаа г, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлж байгаа гэв. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзвэл ургамлын тосны 61.2 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын тосны нийлүүлэлт, үнийн хувьд хүндрэлтэй байдал гарсан. Иймд зөвхөн он дуусах хүртэлх богино хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөх арга хэмжээг авах төслийг оруулж ирсэн гэж хариулж байлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50хувийг буцаан олгох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн халамжийг оновчтой болгох, халамжаас хөдөлмөр лүү шилжих реформыг хариуцлагатай яаралтай эхлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа салбарын яамны зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын өөрчлөлт гарган ажиллахгүй байгааг, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нийгмийн даатгалын реформыг өнөөдөр л хийхгүй бол залуусын ирээдүй баталгаагүй болохыг мэдсээр байж чимээгүй сууж болохгүйг анхааруулж байлаа. Мөн гишүүдийн зүгээс зарим нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход хэчнээн хүн хамрагдахыг илүүтэй лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, 2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөснийг дурдаад  улсын төсвөөс буцаалтыг хийнэ гэж байлаа. 

Мөн Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал,  Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир нарын зүгээс улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах хүрээнд салбарын яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цэцэрлэгийн орыг хэдээр нэмэгдүүлэхээр тооцоолсныг тодруулсан. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах  шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон  дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28,000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33,500 хүүхэд  харьяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг нөхөхөд онцгойлон анхаарч ажиллана гэдгийг дурдсан.

Мөн энэ хүрээнд шинээр цэцэрлэг барихгүй, одоо байгаа цэцэрлэгийн өргөтгөл, 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр баригдаад дуусах гэж байгаа цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлэх, хувийн өмчийн цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын цэцэрлэгийн урсгал болон хувьсах зардлаар нь дэмжихэд чиглэж ажиллана хэмээн хариулж байлаа. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Харин “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй тул  энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ