ЭМД-аараа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой

               
2022-04-22 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1-нээс улс, орон даяар эхлүүлнэ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулахаар багтаасан.

Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.

Манай улсын хувьд 2018 оноос нас, насны багцаар ангилан даатгуулагч-иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хамруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч иргэдийн оролцоо, идэвх сул хэвээр байсан юм. Иймд нийт хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдвар бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор насны багц болон оношилгоо, шинжилгээний нэр төрлийг шинэчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолоор баталсан.

Ингэхдээ хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Хуучин мөрдөж байсан тушаалд зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэчилсэн журмаар 18 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдэж, нийт 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийхээр холбогдох мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 5 хүртэлх, 6-17 насны багцаар хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдол, амны хөндий, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж өвчний хүндрэл, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм.

Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улс, орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр явуулах юм.

Холбоотой мэдээ