Н.Тавинбэх: Газар олголтыг цэгцлэхэд нэгдсэн мэдээллийн сан чухал үүрэгтэй

               
2022-04-22 0

Эрчим хүчний яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг цахимаар солилцох, төрийн үйлчилгээг хялбаршуулахаар хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Гэрээний хүрээнд мэдээлэл солилцох хамтарсан уулзалт зохион байгуулж, Эрчим хүчний сайд, газар хэлтсийн дарга нар, үйлдвэр компанийн ерөнхий инженерүүд оролцов.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай энэ үеэр эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн, хүснэгтэн мэдээлэл солилцох, эрчим хүчний барилга, шугам сүлжээ доорх газрыг нийслэл, 21 аймагт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах, тэдгээрийн хамгаалалтын зурвас тогтоон газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд оруулах талаар ярив.

Мөн дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн хүсэлт гаргахад шаардлагатай газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн сангаас, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг зэргийг Хот байгуулалтын кадастрын цахим системээс, дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн мэдээллийг харилцан солилцох боломжтой тухай мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээний эрчим хүчний салбарын мэдээллийн сан үүсэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг баяжуулах, газрын нэгдмэл сан, орон зайн өгөгдлийн суурь мэдээлэл бүрдүүлэх, эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцуулан газар олгох, барилга барих зөвшөөрөл олгохгүй байх нөхцөл бүрдүүлэх аж.

Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн мэдээллийг газрын цахим системд оруулах, удирдан зохион байгуулах ажлын хэсгийг томилж, хамтран ажиллахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийлжээ.

Холбоотой мэдээ