
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд “Төрийн дэмжлэг-тариаланч бидний итгэл найдвар” сэдэвт цахим хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Цахим хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100.0 тэрбум, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд 50.0 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүү, 2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийж тариаланчидтай санал бодлоо солилцлоо.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлэлцүүлгээс гарсан саналыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд 1 га-д 8 сая, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримлын тариалан эрхлэгчдэд 1 га-д 650.0 мянган төгрөгөөр тооцон тариаланчдад зээлийг хурдан шуурхай, чирэгдэлгүй олгох чиглэлийг банкуудад өглөө. Тариаланчдын зүгээс төрийн бодлого шийдвэр хөрсөндөө бууж, газар дээрээ амьдралд хэрэгждэггүй. Тухайлбал банкнаас тавих шаардлага өндөр, хүссэн хэмжээгээр зээл авах боломж байдаггүй. Зээл хөөцөлдсөөр явтал технологит хугацаа дуусч, тариалалт хийх боломжгүй болдог тухай ярьж байлаа. Яамны зүгээс энэ асуудалд анхааралтай хандаж, аль болох тариаланч, ногоочдод олгох зээлийг шуурхай шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд хүнсний хангамжтай холбоотой асуудлыг түргэн шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгч байгаа гэлээ.
Уг хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Мөрөн, 17 сумын Засаг дарга, тосгодын захирагч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон ХААН, Голомт, Хас, Төрийн банкны салбарын захирал эрхлэгч, газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгч нийт 327 хүн хамрагдлаа.

0 cэтгэгдэлтэй