Товчхон
               

Завхан аймаг халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг 80 хувьд хүргэнэ

               
2022-04-22 0

Тус аймаг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг 70-80 хувьд хүргэнэ.

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн ажилчидтай уулзаж энэ салбарт баримтлах бодлого чиглэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож, цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай тэмцэх, иргэдээ дархлаажуулалтад өндөр хувьтай хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулсан эмч, эмнэлгийн ажилчдадаа талархал илэрхийллээ. Мөн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, ариутгал халдваргүйтгэлийн тасаг байгуулж, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлт зэрэг багагүй хөрөнгө оруулалт хийсэн нь үр дүнгээ өгч байгааг дуулгав. Харин цаашид иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны нэгж дээр нь шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавин ажиллаж байгаа гэв. Аймгийн хэмжээнд халдвар болон халдварт бус өвчний эрт илрүүлэг нэн чухал.

Өнгөрсөн жил Завхан аймаг  орон нутгийн төсвөөр 50 гаруй сая төгрөг зарцуулж 73 мянган хүн амынхаа 20 гаруй мянган хүнд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийлээ. Цаашид энэ тоог 70-80 хувьд хүргэх зорилт тавина.

Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд шат шатны эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Аймгийн Засаг даргын “Чадварлаг эмч”, “Хөдөлгөөн-Эрүүл мэнд”, “Аз жаргалтай ажлын байр” зэрэг хөтөлбөрүүд цаасан дээр буух төдий бус нэг ч гэсэн иргэний халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй хийх. Иргэдэд зөв дадал хэвшил, хорт зуршлуудаас ангид байх тал дээр зөвлөн туслах чиглэлээр үр дүнтэй ажиллахад аймгийн Засаг даргын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Архинаас татгалзах захирамжийг албан ёсоор гаргана

Хуванцар савнаас татгалзах, архи тамхины хэрэглээг бууруулах зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарна.

Өнөөдөр аймгийн хэмжэээнд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувь нь архитай холбоотой байна. Тиймээс архидалттай хатуу тэмцэх. Архи нь охид, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гол шалтгаан болж байгаа учраас архидалттай тэмцэх зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага, эрт илрүүлэгт хамрагдах хувь ч хангалтгүй байгаа учраас архидалттай тэмцэх асуудлыг бүх салбарт онцгой анхааран ажиллана. Эрэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаас гадна эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах. Дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулахгүйгээр орон нутагтаа оношилгоо, эмчилгээгээ хийх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана гэж эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсадтай уулзах уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал онцлон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ