
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нийслэлийн түгжрэл улсын асуудал болсон гэж Ерөнхий сайд хэлсэн. Түгжрэл, бөөгнөрөлтэй бид үндсэндээ дайн зарласан байгаа. Энэ дайнд бид ялагдаж байна. Ялах хэд хэдэн шийдлийн нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл болон замын асуудлууд бий. Хөнгөн галт тэргийг барьж байгуулах шийдлийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн.
Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга энэ асуудлыг яриад аваад үлдчихсэн. Гурван тэрбумын асуудлыг хэмнэх гэж ядаж байхад гурван их наядын асуудал ярих гээд байна гэж тайлбарлаж байна. Бидний зовлон, бэрхшээл түгжрэл биш юм уу. Хэрэв биш бол ойлгож байна. Түгжрэлийг мөнгөгүйгээр, эсвэл бага мөнгөөр шийдэж болохгүй байгаа шүү дээ. Нийслэлийн асуудлыг ярихаар хойш тавиад байдаг.
Түгжрэлтэй холбоотой асуудлаар 2024 оноос өмнө маш том жагсаал, цуглаан болох байх. Энэ асуудал шийдэгдэхгүй бол би ч бас жагсана. Би ард түмний төлөөлөгч болохоос хэн нэгний албат биш. Түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол бид ард түмэнтэйгаа хамт жагсах ёстой. УИХ дотор асуудлыг шийдэхгүй байгаа хүмүүстэй бид тэмцэх нь бидний чухал үүрэг. Яагаад Монголыг хорлодог ийм хүмүүс байдаг юм бэ. Улаанбаатараас хол тойргоос дахин дахин сонгогддог хүн дахин сонгогдохдоо итгэлтэй байгаа учраас ингэж Улаанбаатарын эсрэг ажилладаг юм уу. Улаанбаатарын хөгжлийг гацаагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Энэ бол хүчин зүйл биш. Албан тушаалтнууд. Алхам тутамдаа гацаадаг. Хэмнэж байгаа нэрээр ард түмнийхээ хөгжлийн асуудлыг гацаах гэж байгаа чинь бодлого мөн юм уу. Ерөнхий сайдынхаа бодлогыг унагаж байгаа чинь бодлого гэж үү” гэв.

0 cэтгэгдэлтэй