
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
“Засгийн газрын баталгаа гэдэг зээлтэй адил процедураар явдаг. Зээл, баталгаа хоёр яг адилхан. Тэр тусмаа Засгийн газар баталгаа гаргаж байгаа нь хэрэв төлөгдөхгүй бол тэр хэмжээгээрээ өр болж бичигдэнэ. Засгийн газраас оруулж ирсэн тогтоол хоёр хуультай зөрчилдөж байгаа.
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Үүгээр өрийн хязгааруудыг хангаж байх ёстой. Нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих ёстой энэ төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм.
Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийн хэд хэдэн заалттай уг асуудал зөрчилдөж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Үүний дээр хууль л байх ёстой. Нэг хүн чичирч дайрлаа гээд үүнийг хэлэлцэх албагүй.
Энэ тогтоолоор Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Тиймээс энэ асуудлыг 76 гишүүнээр байтугай Монгол Улсаараа хэлэлцсэн ч яах вэ. Тэгж байж шийдвэр гарах учиртай. Монгол Улсын өр хэтрээд явбал дампуурах эрсдэлтэй. Тиймээс холбогдох хүмүүстэй зөвлөлдөж байж энэ шийдвэрийг гаргасан” хэмээв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
“Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан учир эдгээр хуулийн төслүүдийг дэмжих аргагүй байна.
Ч.Хүрэлбаатар гишүүн та ТЭЗҮ-ийг нь унш. Битгий ингэж УИХ-ын индэр ашиглаж иргэдийн толгойг угаа. 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газар бонд гаргах гэж байгаа юм шиг зүйл яриад байна. Энэ төслийн ТЭЗҮ нь 926 сая ам.доллароор хийгдсэн, 510 сая ам.доллар буюу 50 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах л асуудал.
Өрийн босго давлаа, дампуурлаа гэж та иргэдийг айлгаж байна. Болохгүй гээд байх юм. Та болгодог шүү дээ. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Таныг явцуу эрх ашгийг үүднээс битгий ингэж ханд. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу. Увсын хэдхэн нөхдийн хүрээнд Улаанбаатарын иргэдийн эрх ашгийг битгий хохироо” гэлээ.

0 cэтгэгдэлтэй