“Ногоон сум” аян Өвөрхангай аймгаас эхэлж байна

               
2022-04-22 0

Хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Ногоон сум” аяныг өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

МҮОНРТ-ээс санаачилсан тус аянд Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, банк, санхүүгийн байгууллагууд оролцож, иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх цогц мэдээллийг өгч байгаа юм.

УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг. Уг хуулийн заалтыг Хаан, Хас, Голомт, ХХБ, Төрийн банк дэмжиж, энэ оны 6 дугаар сард багтаан хувьцаат компани болох үүрэг хүлээн ажиллаж байна.

Тухайн банкуудын нээлттэй хувьцаанд цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд энгийн иргэд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцсоноор нийгмийн дундаж давхаргын түвшин харьцангүй дээшилж эхэлдгийг зохион байгуулагчид хэлж байв.

“1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 обьектийг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэд хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл энэ арга хэмжээнд оролцсоноор таны болон аав, ээжийн тань цэнхэр, ягаан тасалбар аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, мөн дээрх банкуудын хувьцааг худалдан авах боломжтой” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

МҮОНРТ-ээс “Ногоон сум” аяныг 21 аймагт зохион байгуулах бөгөөд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг ногоон сум илэрхийлдэг учраас аянаа ийнхүү нэрлэсэн хэмээн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа онцолсон юм.

Аяны хүрээнд  хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, нийтэд санал болгон хувьцаа гаргасан компаниудын тухай, арилжаанд хэрхэн оролцож, хувьцааг эзэмших талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өглөө. 

Холбоотой мэдээ