Товчхон
               

С.Одонтуяа: Стратегийн ордуудын 10 хувийг иргэдэд нээлттэй худалдах хэрэгтэй

               
2022-04-25 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Улмаар тус бүлгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтсон байна.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

“Засгийн газраас он гарсаар төсвийн тодотголыг хоёр дахь удаагаа оруулж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 27 их наяд байгаа. Төсвийн тодотголоор үүнд 7 их наяд төгрөг нэмэхээр тусгасан байна. Үүнд Монголбанкны юаны своп хэлцэл багтаагүй. Энэ нөхцөл байдалтай уялдаад Монгол Улсын нөхцөл байдал асар хүнд болсон. Тиймээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болж, өмнө нь эдийн засгийн томоохон шинэчлэл хийж байсан хүмүүсийн саналыг авсан. Энэ бүх саналыг нэгтгэн чамбайруулах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 “Төрийн хэмнэлтийн хүрээнд хэдэн хүн ажлаас чөлөөлснөөр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө 40 их наяд төгрөг боловч улсын төсөвт жил 100 тэрбум төгрөг хүрэхгүй орлого оруулж байгаа. Тиймээс эдгээр компанийг хувьчлах, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 10 хувийг иргэдэд нээлттэй худалдах зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр хэмнэснээс хэд дахин илүү орлого олох боломж бүрдэнэ. Цаашид төр шаардлагагүй өмчөөс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжин, иргэд байгалийн баялгаа хүртэх боломжийг бүрдүүлэхийн төлөө АН голлож ажиллана” хэмээв.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрийг УИХ-ын гишүүд 100 хувь дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулаад ажил хийж орлого олох, улсын татварын суурь нэмэгдэх зэрэг эерэг талтай гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ