Товчхон
               

Ё.Баатарбилэг: Мөрдөн байцаах ажиллагаанд нь саад учруулж байгаа юм байхгүй

               
2022-04-26 0
Гэрэл зургийг: MPA

Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Ё.Баатарбилэг гишүүний тухайд хахууль авсан гэх хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарсан юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татжээ. Энэ талаар сэтгүүлчид түүнээс байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “УИХ-ын даргад өчигдөр прокуророос бичиг ирсэн гэж сонссон. УИХ-ын даргатай одоогоор уулзаагүй байна. Тиймээс мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Эхний ээлжинд мэдүүлгээ өчигдөр АТГ-т хүргүүлсэн.

Мөрдөн байцаах ажиллагаанд нь саад учруулж байгаа юм байхгүй. НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг бид хоёр найзууд. Олон жил найзалж байна. 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Зээл авахад нь би оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй. Ийм асуудал үүссэнд харамсаж байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг хуулийнх нь дагуу шийдээд явах байх. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ