Төв: Аймаг хөгжүүлэх сангаас төмсний үр шинэчлэлд зориулж 150 сая төгрөгийн итгэлийн зээл олгожээ

               
2022-04-26 0

Хаврын тариалалт эхлэх үетэй холбогдуулан Төв аймгийн Баянчандмань суманд “Тариалалтын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд сумдын удирдлагууд, тариаланчид, агрономчид, инженерүүд оролцсон бөгөөд эрдэмтэн багш нар хаврын тариалалтыг хугацаанд нь зөв технологийн дагуу гүйцэтгэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас тариаланчдыг дэмжих, тариалалтын талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, эрдэмтэн багш нар, агрономчид, инженерүүд, тариаланчид, ногоочдын зөвлөгөөнөөс гарсан саналыг сонсож, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэсэн ажил хэрэгч уулзалт боллоо.

Тариалалтын зөвлөгөөний үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цээл сумын ахмад тариаланч Даваажавын Халиунхүү, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Цэрэндоржийн Алимантуяа, Алтан гадас одонгоор Баянчандмань сумын ахмад тариаланч, улсын аварга ногоочин Даваажавын Алтанцэцэг, Эрдэнэсант сумын тариаланч “Нарт Монгол” ХХК-ийн агрономч Сүхбаатарын Энхжаргал, Аргалант сумын ахмад тариаланч н.Үнэнбат, Хөдөлмөрийн хүндэт медалиар Угтаалцайдам сумын “Мөнх шижир тариа” ХХК-ийн механикжуулагч Даниган Гантөмөр нарыг шагналаа.

Төв аймаг үр шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд улаанбуудайн 300 тн үрийг 6 сумын 16 аж ахуйн нэгж, иргэдэд олгож, амжилттай хэрэгжүүлэн 3000 тн үр үржүүлсэн бөгөөд энэ жил аймаг хөгжүүлэх сангаас төмсний үр шинэчлэлд 150 сая төгрөгийн итгэлийн зээл олгож, төмсний элит болон үр үржүүлгийн 209 тн үрийг ногоочдод өгсөн. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор, Монгол Улсын Засгийн газраас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр 11 төрлийн 2543 кг үрийг 27 суманд нийлүүлж, 77 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Энэ жил аймаг хөгжүүлэх сангаас төмсний үр шинэчлэлд зориулж 150 сая төгрөгийн итгэлийн зээл олгожээ.

Холбоотой мэдээ