Товчхон
               

С.Баярмагнай: “Зөвхөн монголчуудын хийсэн бродюр хамуурдаг хэрэг үү”

               
2022-04-26 0

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай “Замын хашлага, хөшөө ба авлигал” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдөр Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэл хийхдээ “Бродюр солих гэж тусдаа ажил байдаггүй” хэмээн мэдэгдсэн. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгөөр зам засварлахдаа бага зэрэг эвдэрсэн эсвэл эвдрээгүй бродюрыг шууд солихоор давхар төсөвлөж, тендер зарладаг асуудал байна гэсэн үг.

Хоёрдугаар, Нийслэлийн замын хөгжлийн газрын өчигдрийн мэдэгдэл нийслэлд ямар ч хяналт, шалгалт байдаггүйг харуулж байна. Тухайлбал, давхар бродюр хийлээ гэнгүүт бид биш тэд хийчихсэн гэж хувийн компанийг заачхаж байгаа юм. Гэтэл тэнд тэд өөрсдөө хяналт тавих ёстой байсан шүү дээ.

Мөн тэд замын бродюрыг хамуурснаас болж сольдог гэж доромжилж байна. Гэтэл Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж өгсөн Нарны гүүрний бордюрыг одоо хүртэл солихгүй байж болоод л байна. Зөвхөн монголчуудын хийсэн бродюр хамуурдаг хэрэг үү. Энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Тиймээс нийслэлийн зарим байгууллага, төслүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байна.

Тухайлбал, 2021 оны авто зам болон явган хүний зам, дугуйн замын тендерийг АТГ шалгахыг хүсэж байна. Учир нь жил бүр зүгээр байгаа явган хүний замыг шинээр сольдог. Сольсноо хаана хадгалдаг нь тодорхой бус. Тиймээс энэ тендерүүдийг хянах ёстой.

Мөн нийслэлийн Замын хөгжлийн дарга, дэд дарга, зам барилгын хяналтын хэлтэс, засвар ашиглалтын хяналтын хэлтсийг ч шалгах ёстой. Энд нэлээн аюултай нөхцөл үүссэн байна гэж би хувьдаа хардаж байна. Түүнчлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ч ашиг сонирхлыг зөрчилтэй эсэхийг АТГ-т шалгуулах хүсэлтэй байна.

Хуучин үнэлгээгээр замын бродюр том, жижгээсээ хамаарч 7,000- 40,000 төгрөг байсан нь одоо нэмэгдсэн байх. Тэгвэл нэг километр газрын бродюрыг 50-60 сая төгрөгөөр сольж буй асуудал ч байж магадгүй байгаа юм. Гол нь зүгээр байгаа бродюрыг солиод байгаа нь эгдүүцэл төрүүлж байна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ